Тэр намайг унтаж байна гэж бодсон

Чи намайг зөөлөн үнссэн

Чимээгүй бас алгуур тэвэрсэн

Халуун амьсгал хүзүүнд минь шургалхад

Хэдийнээ би сэрчихсэн байсан

Нэг ч хором зүүрмэглэж чадаагүй, гэвч

Нүдээ нээж бас зүрхлээгүй

Тэр шөнө дэндүү урт санагдсан

Тэгэхдээ сүүлд дэндүү богино гэж харууссан

Магадгүй ахиж хэзээ ч амтлахгүй тийм дулаахан шөнийн

Маргааш өглөөний нар арай л хурдан мандчихсан

Түүний тэврэлт алгуур бас чимээгүйхэн надаас холдох мөчид

Тэр намайг унтаж байна гэж бодсон

----------------------------------------------------------------------------------------

Чамаас явах тэр л үед

Бороо шивэрч байгаасай

Чимээгүй урсах нулимсаа бороон дуслуудад нууж

Бодлоос чинь сэтгэлээс чинь би замхарнаа

Би өвлийг түүний хүйтэн жаврыг хүсэж байна

Энэ өдрийн тэнгэрийг санаандгүй ажчихлаа. Тэнгэр бүүдгэр нар илчгүй, агаар нь жихүүн цаанаа л зэврүүн.  Урьд ийм л өдөр дулаан хөнжилдөө шурган байв ч нэг л тухгүй байдагсан. Гэвч яагаад ч юм би даарсангүй. Учир нь би сэтгэлийн тэнгэртээ наран мандуулжээ. Тэр нарны илч гадаах хүйтнийг ч үл ажран намайг дулаацуулан байна.

Энэ үеэс өмнө би өвлөөс ухаангүй айдаг байсансан. Хүйтэн жавар нь хацар хайрч, гарыг минь бээрүүлэхэд хэн нэгний дулаахан гарыг хүсэмжлэн халуун илчинд нь дулаацахсан гэж мөрөөдөхдөө хамтдаа алхах хосуудад атаархан тэдний гар хичнээн дулаан байгаа бол гэж сэмхэн дотроо шүүрс алддаг байлаа. Харин одоо өвлийг тэсэн ядан хүлээж сууна.  Нэгэн дулаахан гар царцсан зүрхийг минь хүртэл дулаацуулсан болохоор өвлийн хүйтнээс жихүүн жавраас би айхаа больсоон. Өвөл л хурдан болоосой. Өрөөл бусдын сэтгэл дотрох шиг өнгө өнгийнөөр эрээлэх биш, түүний минь зүрх сэтгэл  шиг зөвхөн цав цагаахнаар хорвоо дэлхий гэрэлтхийг харахыг би хүсэж байна.

Түүнийхээ халуухан өвөрт дуулаацах  юм чинь өвөл чи хурдхан л намайг дааруулаасай

----------------------------------------------------------------------------------------

Бороо ороосой

Бодолд дарагдан шүхэргүй алхахсан

Гудамж талбай ч нов нойтон болоход

Ганцхан миний сэтгэл цөл хэвээрээ үлдэхийг мэдрэхсэн

----------------------------------------------------------------------------------------

Чамд гомдсон сэтгэлээ

Сархдаар би аргaадъя

Чимээгүй урссан нулимсаа

Салхиар би арчъя

----------------------------------------------------------------------------------------

Дандаа чи надад хайртай гэж хэлбэл

Дэндүү ихээр чамдаа би дасна

Харц чинь үргэлж хайр өгүүлбэл

Холдож чамаасаа үл зүрхэлнэ

Орхигдсон залуу нас

Харамсаж ч амжилгүй үрэн тараасан

Хайран сайхан залуу нас минь

Хаа газар юуны өмнө чамайг гээчихээд

Хэзээ хойно нь харуусаж суугаа юм бол би

Энэ хүртэл гишгэсэн мөрөө

Эргээд одоо нэг саная

Элдэв янзын дурсамж дотроосоо

Элэгдэж баларсан залуу насаа олох биз

  Өнгийн гэрэлтэй баарны ширээн дээрх

  Өндөр лонхтой дарсан дотор гээчихвүү

  Зуны үдшийг магтан зугаалахдаа

  Задгай салхинд нь дайгаад хийсгэвүү

  Нүд унагасан харц бүхэнд

  Эмтэлж өгсөөр оргүй болвуу

  Нуугаад хаа нэгтээ далд хийчихээд

  Эргээд өөрөө ололгүй явнуу

  Хайрлсан дурласан эрчүүдийнхээ

  Халуухан өвөрт нь мартчихвуу

  Хайран сайхан залуу насаа

  Хэзээ хаана би гээчихвээ

Нойтон сормуусыг минь үнсдэг байлаа

Намайг л баярлуулах гэж тэр

Нэвсийсэн цасан дунд сарнай ургуулдаг байлаа

Намайг л инээлгэх гэж тэр

Нулимстай нүдэндээ инээмсэглэл тээдэг байлаа

Намайг л аргадах гэж тэр

Нойтон сормуусыг минь үнсдэг байлаа

Намайг л хайрлах гэж тэр

Хайр болгоны өмнө хаалгаа хаадаг байлаа

Хаврыг тэр надтай хамт хүлээдэг байлаа

Хайрыг минь хайж мөрөөдөл дундуур минь тэнүүчилцгээдэг байлаа

Аваагүй хайрын минь өмнөөс шаналдаг байлаа

Асгарсан нулимсыг минь арчдаг байлаа

   Тэр өөрийгөө найз гэдэг байлаа

   Түүнд нь би итгэдэг байлаа

   Мөрөөдөж явсан хайраас минь ч их хайр

   Миний биш түүний зүрхэнд байсныг би мэдээгүй

Өмчирхөж би чамайгаа хармалдаг

Үл таних охидоос

Үлдэж хоцорсон бүсгүйчүүдээс

Сэтгэлд чинь амьдрах дурсамжаас

Сэмээрхэн би чамайгаа хармалдаг

  Үггүй сээтэгнэх харц бүрээс

  Үнсээд өнгөрсөн уруул бүрээс

  Өвөрт чинь эрхэлсэн бие болгоноос

  Өмчирхөж би чамайгаа хармалдаг

    Хэлэх үгийг чинь би хармалдаг

    Харах харцыг чинь ч бас  хармалдаг

    Халамжлах сэтгэлийг чинь бүр ихээр хармалдаг

    Хайрласан болохоор хамаг бүхнээс чамайгаа хармалдаг

Болор шигтгээ мэт дуслуудтай бороонд би дуртай

 Би, бороонд учиргүй дуртай

  Болор шигтгээ мэт дуслуудтай нь

     Бодолдоо би хүүрнэдэг болохооор

     Болор шигтгээ мэт дуслуудтай бороонд би дуртай

Зүсрэн орох бороо надад үггүй гуниг шивнэнэ

Зүрхээ өвтгөн байж тэр гунигийг бимэдэрдэг

   Зүрхээ өвтгөн байж тэр гунигийг мэдэрдэг болохоор

   Зүсрэн орох бороонд би дуртай

Зөөлөн шиврэх бороо надад хөнгөн баясал тээнэ

Зүггүйхэн тэр хөнгөн баясалд нэг л мэдэхэд  би автдаг

      Зүггүйхэн тэр хөнгөн баясалд нэг л мэдэхэд  автдаг болохоор

      Зөөлөн шиврэх бороонд би дуртай

Асгаран цутгах аадар бороо надад харуусал тээнэ

Ард үлдсэн хайр хагацлыг санан би харуусдаг

   Ард үлдсэн хайр хагацлыг санан  харуусдаг болохоор

   Асгаран цутгах аадар бороонд би дурладаг

    Тийм гэж хэлэхийн аргагүй нэгэн бороо сэтгэлд ордог

 Тэр зүсрэн, шиврэн, цутган, заримдаа... сэтгэлд минь үерлэдэг

    Тэр зүсрэн, шиврэн, цутган, заримдаа... сэтгэлд минь үерлэдэг болохоор

    Тийм гэж хэлэхийн аргагүй тэр нэгэн бороонд бүхнээс илүү дуртай

(Нийт: 53)